Бид хэдэн наснаасаа ижил хүйстнээ сонирхож эхэлсэн бэ?

Ананд 😊
2 min readNov 27, 2020

Өөрийгөө найзууддаа илчилсэний дараа, өөр хүмүүстэй танилцсаны дараа эсвэл сонирхолтой түүхээ хуваалцаж байх үеүдэд хамгийн их асуугддаг асуулт бол яах аргагүй анхны мэдрэмжийн талаарх асуулт юм. Mиний хувьд гэвэл би дөрвөн настайгаасаа ижил хүйстнээ сонирхох мэдрэмжийг мэдрэж эхэлсэн, анх цэцэрлэгийн багшийн хүүхдийг шохоорхож эхэлсэн мэдрэмж маань бага ангид ороход биеийн тамирын багш, дунд ангид ороход ангийн хүүхдэд гэх мэтчилэн ээлж дараалан догдлуулж ирсэн. Зүй зүсэн олон хүнийг шохоорхож байсан ч дунд нь нэг ч эмэгтэй хүн байхгүйг анзаараад би өөрийгөө анх хүлээн зөвшөөрч байсан.

Гэтэл энэ мэдрэмж хүн бүрт ижил тохиолддоггүй бололтой, зарим хүмүүс хорь гараад эсвэл гуч гараад магадгүй жар далан насандаа ч энэ мэдрэмжийг авдаг юм байна. Mиний хувьд хүмүүс энэ мэдрэмжээ нуун дарагдуулж байгаа болохоос биш бүгд мэдэж байна гэж боддог байтал үгүй байжээ. Сонин шүү. Саяхнаас нэг залуутай чаталж эхэлсэн юм, тэр ердөө жилийн өмнөөс л эрэгтэй хүнд татагддаг гэдгээ мэдэж эхэлжээ. Tэр хүртэл амьдрал нь жирийн сайхан үргэлжилж найз охидуудтай байж, энгийн амьдралтай байж. Гэтэл одоо дур сонирхол нь халин тэлж байгаагаас болоод дотоод хүнтэйгээ нэлээдгүй тэмцэлдэж байх шиг.

Үүнээс үүдээд надад нэг асуулт төрлөө. Энэ мэдрэмж хаа байж байгаад гэнэт гарч ирээд байна вэ? Хорин хэд хүртэл тэр мэдрэмж хаа нуугдаж байсан болоод одоо гарч ирээд байна вэ. Tархины нэг булангаас эх хэсэгтээ мэдээлэл дамжуулах гэж удав уу? Эсвэл миний анхны бодол шиг мэдрэгдэж байсан мэдрэмжийг хүрээлэн буй орчноосоо болоод нууж байгаад сүүлд мэдрэв үү. Аль нь ч бай, хүн бүр өөр цаг үеийн тэнхлэгт мэдэрдэг гэж дүгнэе.

Одоо мэдэрсэн мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Энэ сэдэв харин их адармаатай. Хүнтэй уулзаж нөхөрлөх, бэлгийн харилцаанд орох тэр бүхий л болзож үерхэх гэх мэт хүн хоорондын харилцаа үүсгэж байгаа хирнээ ижил хүйстнээ сонирхож байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бүлэг хүмүүс байна. Tэр байтугай үзэн ядаж жигших хүмүүс хүртэл байдаг. Дүгнээд хэлбэл ижил хүйстнээ сонирхдог хирнээ өөрийгөө үгүйсгэдэг хүмүүс гэсэн үг. Улс болгоны хүмүүс энэ мэдрэмжийг хүлээн авах тал дээр өөр байдаг бололтой, хаалттай нийгэмтэй Mонголын хувьд үгүйсгэгч нар арай их байх шиг.

Дээрхээс хараад үзвэл нэгдүгээрт ижил хүйстнээ сонирхох мэдрэмжийг мэдрэх, хоёрдугаарт тэр мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхийн цагт гарчигтаа хариулж болох нь тэр. Анхны асуусан асуултын хариулт хоёр өөр тоон утга байх, нэг нь магадгүй үгэн хариулт ч байх боломжтойг дээрхээс харж болохоор байна. Mиний хувьд анх ижил хүйстнээ сонирхож эхэлсэн нас гэвэл дөрвөн нас харин өөрийгөө хүлээн зөвшөөрсөн нас гэвэл арван найман нас.

Дүгнэлт: Хүн болгон ялгаатай өөр наснаасаа ижил хүйстэндээ татагдаж эхэлдэг тул сүүлд татагдаж эхлэх нь бусдад уруу татагдсан гэсэн үг биш. Эхэнд татагдсан нь замбараагүй гэсэн үг биш. Өөрийгөө өөртөө хүлээн зөвшөөрсөн нь ил задгай гэсэн үг биш.

Хэрэгт дурлаж мэдмээр байсан асуултад тань олигтой хариулт өгч чадаагүй бол хүлцэл өчье.

Баярлалаа, баяртай. Дараагийн удаа болзооны талаар нийтлэлээрээ эргэн уулзъя.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг